Монгол Улсын Үндэсний Номын Сан (МУҮНС) өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй төвөд ном судрыг каталогжуулан цахимжуулах ажлыг АНУ д төвтэй хоёр байгууллага болох Азийн Сонгодог Зохиолуудыг Каталогжуулах Төсөл (ACIP) болон Буддизмын Цахим Эх сурвалжууд Төвийн (BDRC) санхүүжилтээр эхлүүлээд байна. Энэ төслийн үйл ажиллагаанд МУҮНС-ийн захирал Б. Ичинхорлоо тэргүүтэй баг хамт олон хамтран ажиллаж байна.
Төслийн хүрээнд хийж гүйцэтгэж буй ажил болон явцын тухай мэдээллийг МУҮНС, ACIP, BDRC- н вэб хуудаснаас үзэж танилцах боломжтой.
Одоогоор төслийн багт МУҮНС-аас найман монгол ажилтан, АНУ-д байрлах төвүүдэд дөрвөн америк ажилтан ажиллаж байна. Монгол ажилтнууд МУҮНС-ийн Төвөд сан хөмрөгт хадгалагдаж байгаа бүртгэлд ороогүй судруудыг АНУ-ын мэргэжилтнүүдийн санал болгосон арга зүйн дагуу каталогжуулж, нийлүүлсэн тоног төхөөрөмжийг ашиглан цахимжуулж байна. Төслийн үйл ажиллагаа дуусгавар болоход төслийн бүх тоног төхөөрөмж
МУҮНС-ийн өмчлөлд шилжих болно.