Хадгалал хамгаалал

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Төвөд сан хөмрөгт бүртгэлд ороогүй 31990 орчим боть судар байна гэж урьдчилсан байдлаар тогтоосон. Нэг боть сударт барагцаалбал нэгээс арав орчим гарчиг бүхий ном байх бөгөөд зарим тохиолдолд түүнээс ч илүү байх нь бий. Эдгээр ном судар нь МУҮНС-д олон жилийн турш хандиваар цугларсан бөгөөд Богд хааны номын сангаас уламжлагдан үлдсэн, хувь хүмүүсийн цуглуулгад байсан, өмнөх
зууны түүхэн нөхцөл байдлаас болж хаагдсан сүм хийдүүдээс үлдэж хоцорсон, хад агуйд нууж хадгалж байсан гэх мэт гарал үүсэлтэй байдаг юм.

Каталогт ороогүй төвд судрууд нь янз бүрийн хэлбэр, байдалтай хадгалагдаж байна. Төвөд судрууд ихэвчлэн хуудсыг нь үдээгүй, сударчилсан хэлбэртэй байх бөгөөд ихэнх тохиолдолд даавуун баринтагтай байдаг нь гадны нөлөө болох цаг уур, химийн бодис болон шавж хорхойноос хамгаалах зорилготой юм. Түүнчлэн зарим номууд модон бараараа хадгалагдсан байдаг бөгөөд зарим барын болон гар бичмэл номууд нь зориулалтын модон шогол эсвэл арьсан дугтуйнд хадгалагдсан байдаг. Энэхүү төслийн

ажлын нэг зорилго нь МУҮНС-д хадгалагдаж байгаа төвөд судруудын ерөнхий төлөв байдлыг тодорхойлох явдал юм. Судруудыг каталогжуулан цахим хэлбэрт оруулсны дараа шинээр баринтаглаж хадгална. МУҮНС нь 2015 оноос хойш “Номын баринтаг” аяныг улс даяар зохион байгуулсны үр дүнд одоогоор ард иргэд 35000 гаруй баринтаг, гадаадын төрийн бус
байгууллагууд 1000 орчим баринтаг хандивлажээ.

Төвөд номын сан хөмрөг дэх бүртгэлд ороогүй судруудыг каталогжуулан цахим хэлбэрт оруулахад долоон жилийн хугацаа шаардагдана гэж урьдчилан тооцсон. Төсөл хэрэгжүүлэх дөрвөн жилийн санхүүжилтийг олсон бөгөөд цаашид төслийг бүрэн хэрэгжүүлж, Цахим Номын Сангийн веб хуудсыг хийж дуусгах санхүүжилтийг хөөцөлдөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *